2025 оны 03 сарын 07
Та автомашинаа хэр сайн мэдэх вэ? Энэ удаа бид автомашины хөдөлгүүртэй холбоотой 6 чухал мэдрэгчийн талаар танилцуулахаар шийдлээ.
Автомашины хөдөлгүүрийн мэдрэгчүүд нь хөдөлгүүрийг хэвийн ажиллуулах, хорт утаа ялгаруулалтыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр мэдрэгчүүд ямар үүрэгтэй, автомашины аль хэсэгт байдаг болохыг үргэлжлүүлэн уншаарай.
1. Хүчилтөрөгчийн Мэдрэгч (Oxygen Sensor)
Үүрэг: Бидний нэрлэж заншсанаар Яндан мэдрэгч нь утааны хийн доторх хүчилтөрөгчийн хэмжээг хянаж, хөдөлгүүрийн удирдлагын нэгжид (ECU) агаар, түлшний харьцааг тохируулахад тусалдаг. Ингэснээр түлшний хэрэглээг оновчтой болгож, хорт утааны ялгаруулалтыг бууруулдаг.
Байршил: Ихэвчлэн хөдөлгүүрийн яндангийн хэсэгт, катализаторын өмнө буюу дараа байрладаг.
2. Масс Агаарын Урсгалын Мэдрэгч (Mass Air Flow Sensor)
Үүрэг: Хөдөлгүүрт орж буй агаарын хэмжээг хэмжиж, шаардлагатай түлшний хэмжээг тохируулахад тусалдаг. Ингэснээр хөдөлгүүрийн удирдлагын нэгж (ECU) нь түлш цацалтыг үр дүнтэй удирдах боломжтой болдог.
Байршил: Агаарын шүүлтүүр болон холимгийн хаалтын хооронд байрладаг.
3. Холимгийн Хаалтын Байрлал Мэдрэгч (Throttle Position Sensor)
Үүрэг: Холимгийн хаалтын байрлалыг хянаж, хөдөлгүүрийн удирдлагын нэгжид (ECU) автомашины хурд, хааз болон түлш цацалтыг тохируулахад тусалдаг.
Байршил: Холимгийн хаалт дээр байрладаг.
4. Хөргөх Шингэний Температурын Мэдрэгч (Coolant Temperature Sensor)
Үүрэг: Хөдөлгүүрийн хөргөх шингэний температурыг хэмжиж, хөдөлгүүрийн удирдлагын нэгжид температурын мэдээллийг дамжуулдаг, ингэснээр түлшний хольц болон ноцоох хугацааг тохируулахад тусалдаг.
Байршил: Цилиндрийн буюу хөдөлгүүрийн блок эсвэл хөдөлгүүрийн тагны хэсэгт байрладаг.
5. Тахир Голын Байрлал Мэдрэгч (Crankshaft Position Sensor)
Үүрэг: Тахир голын байрлал болон эргэлтийн хурдыг хянаж, ноцоох хугацаа болон түлш цацалтыг зохицуулахад чухал үүрэгтэй.
Байршил: Ихэвчлэн тахир голын дамар буюу хөтлүүрийн ойролцоо байрладаг.
6. Цохилт Мэдрэгч (Knock Sensor)
Үүрэг: Хөдөлгүүр цохихоос урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Хөдөлгүүр цохисон тохиолдолд хөдөлгүүрийн удирдлагын нэгжид энэ тухай мэдээлэл илгээж хөдөлгүүрийг гэмтээхээс сэргийлдэг.
Байршил: Цилиндрийн буюу хөдөлгүүрийн блок дээр, ихэвчлэн хөдөлгүүрийн тагны ойролцоо байрладаг.
Автомашинд өөр олон төрлийн мэдрэгч байдаг. Харин энэ удаа зөвхөн хөдөлгүүртэй холбоотой, хөдөлгүүрийн хүч, гүйцэтгэлд нөлөөлдөг 6 мэдрэгчийг тайлбарлахыг хичээлээ.
Та дээр тайлбарласан 6 мэдрэгч болон бусад бүх мэдрэгчээс ирж буй мэдээллийг хянахыг хүсвэл доорх 2 бүтээгдэхүүнийг сонирхоорой.
Холбоотой бүтээгдэхүүн: